|
|
|
"Бизнесийн боломжууд яг л автобус шиг. Дараагийн боломж нь үргэлж ирдэг." - Ричард Брэнсон |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
| МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,624.12 нэгжид хүрч 0.69 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 9-р сард жилийн өмнөх үеэс 9.0 хувь, өмнөх сараас 1.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 9.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 23.0 хувь, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
- Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны 12-р сард урьдчилсан гүйцэтгэлээр 220.9 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 3.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус индекс бууралттай гарахад уул уурхай, олборлолтын салбарынх 19.5 хувь(металлын хүдэр олборлолтынх 31.6 хувиар) буурсан нь голлон нөлөөлжээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Эдийн засгийн үзүүлэлт болон төв банкны мөнгөний бодлогын шийдвэрээс гадна хөрөнгө оруулагчид АНУ-д явагдаж буй улс төрийн шинэчлэлд анхаарал хандуулж байна. Улс төрийн тодорхойгүй байдлын эрсдэл их байгаа нь өнгөрөгч 7 хоногт хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Өнгөрөгч 7 хоногт S&P 500 индекс 1.94 хувь, NASDAQ Composite индекс 2.34 тус тус бууралттай хаагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын өдрийг тохиолдуулан Пүрэв гарагт зах зээл хаалттай байсан.
- Үйлдвэрлэлийн бус салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 12-р сард 54.1 буюу өмнөх сарынхаас 2 нэгжээр өндөр гарлаа. (Жич: PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
- Баасан гарагт Хөдөлмөрийн яамнаас 12-р сарын ажил эрхлэлтийн мэдээг танилцууллаа. АНУ-ын эдийн засагт 12-р сард 256,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь 164,000 гэсэн шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлт боллоо. Ажилгүйдлийн түвшин 12-р сард 4.1 хувьд тогтвортой гарлаа. Хөдөлмөрийн зах зээлийн дундаж цалин жилийн өмнөх үеэс 3.9 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүд нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүг бууруулаа хянах үндэслэл болж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ - Дийлэнх хөрөнгө оруулагчид Европын төв банкийг 1-р сард болох мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна. Үүний улмаас Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Europe 600 индекс 0.65 хувь, FTSE 100 индекс 0.30 хувийн тус тус өсөлттэй байлаа.
- Евро бүсийн 12-р сарын инфляцын түвшин 2.2 хувиас 2.4 хувьд хүрч өслөө. Хүнс, эрчим хүч, согтууруулах ундаа, тамхины үнийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.7 хувьд хэвээр хадгалагдлаа. Эдийн засгийн бусад гол мэдээллээс авч үзвэл ажилгүйдлийн түвшин 11-р сард 6.3 хувьд буюу түүхэн доод түвшинд хадгалагдлаа.
- Европын төв банк сүүлийн эдийн засгийн тойм тайландаа инфляц буурах үйл явц тогтвортой байгааг онцолж, суурь инфляцын ихэнх үзүүлэлтүүд дунд хугацааны 2 хувийн зорилтот түвшинд тогтвортой хүрэх төлөвтэй байгааг онцолсон байна. Мөн бодлого тодорхойлогчид "Инфляцын цочролоос хэтэрхий болгоомжлох шаардлагагүй" гэж онцолж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын төв банкны дараагийн бодлогын хүүгийн өсөлтийн талаар таамаглал үргэлжилсээр байна. Бодлогын хүү өсөх магадлал өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар зах зээл уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.77 хувь, TOPIX индекс 2.54 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Япон улсын Сангийн сайд иений ханшийн огцом сулрал үргэлжилбэл хэт их хөдөлгөөний эсрэг зохих арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Хамгийн сүүлд Японы бодлого тодорхойлогчид иений ханшийг чангаруулахын тулд гадаад валютын зах зээлд 2024 оны 7-р сард интервенц хийсэн юм.
- Япон улсын төв банкны Ерөнхийлөгч Казүо Үэда бодлогын хүүг өсгөх чиглэлээ баримталсан хэвээр байна. Казүо Үэда эдийн засаг болон үнийн нөхцөл байдал сайжирсаар байвал хүүг нэмэгдүүлнэ гэж дахин онцоллоо.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-д дефляци үргэлжилсээр байгаа нь тодорхой болсны улмаас тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.34 хувь, CSI 300 индекс 1.13 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын 12-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 0.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 11-р сарын 0.2 хувиас буурсан үзүүлэлт юм. Тус мэдээ нь дефляцийн дарамт үргэлжилсэн хэвээр байгааг тодорхой болголоо.
- Caixin үйлчилгээний салбарын идэвхжилийн PMI индекс 12-р сард 52.2-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. (Жич: PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.11 хувиас 6.94 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.69 хувь байна.
Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.41 хувиас 10.58 хувийн хооронд арилжаалагдаж байна. Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
|
Дэлгэрэнгүй |
| МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
| ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2025.01.13
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2025 оны 1 дүгээр сарын 6-наас 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нийт 17,086,769,357.46 төгрөгийн арилжаа хийсэн байна. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 13,004,969,861,127.14 төгрөг болсон бол ТОП-20 индекс 51,624.12 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй | |
|
|